Friday, November 18, 2011

gol


Тамир голын домог
Хүн толь хийж сураагүй байсан эрт цагт хүмүүс бие дүрсээ усанд харж  тольддог байжээ. Тунгалаг сайхан усыг болортой зүйрлэдэг байсан бөгөөд болор гэдэг нэртэй голууд олон байжээ. Нэгэн болор гэдэг голын эрэг дээр ганц охинтой жижигхэн бор гэртэй эмгэн амьдран суудаг байжээ. Тэр охины нэрийг Тамир гэдэг. Тамир охин өсөж торниод уулын цээнэ, усны лянхуа цэцэг шиг үзэсгэлэнт гоо бүсгүй болжээ. Хосгүй сайхан төрсөн Тамир хүүхнийг харсан эр хүн бүрийн сэтгэлд эрх биш мөрөөдхийн хүслэн ургадаг байжээ. Тамир хүүхэн өдөр бүр болор голоосоо ус авхаар очихдоо ариун тунгалаг голын усанд үзэсгэлэн гоогоо тольдож, уртын сайхан дууг уяхан хоолойгоороо аялж, урт сайхан гэзгээ самнан суудаг юмсанж. Тэр үед болор голын нэгэн буланд үнэхээрийн толь мэт тунгалаг ус байсан гэлцдэг. Тэгээд ч тэр голыг болор толь гэж нэрлэжээ. Тамир хүүхэнд тэр нутгийн хөгшин баян санаархдаг байв. Гэвч Тамирд сэтгэлийн хайртай залуу байсан тул баяныг тооддоггүй үзэн яддаг байлаа. Иймд тэрхүү баян хорсохдоо Тамир хүүхний үс зүсээ харан тольддог өнөөх тунгалаг усыг нь булингартуулжээ. Тамир нэгэн өдөр толин дээрээ иртэл толинд нь юм харагдах байтугай юу ч үл харагдах гүнзгий цэлийсэн ус ногоорч харагдав. Тамир хүүхэн сандрахдаа толь усаа олж авах санаатай цэлийсэн ус руу ороод дахин гарч ирээгүй. Тамир хүүхний дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа ирээд өнжин хонон хүлээгээд хайртай хүүхнээ ирэхгүй болохоор нь гуньж гутран хүлээж ядаад, эцэст нь хайрт хүүхэндээ дурсгал болгож өнөөх болзоот газраа том чулуу авчирч тавьжээ. Одоо тэр чулууг Тайхарын чулуу гэдэг ба тэр цагаас болор толь голыг Тамир хүүхний нэрээр Тамир гол гэж нэрлэсэн домогтой.

No comments:

Post a Comment